Хаврын тэмцээний эхний өдөр бүдэрсэн ч дараалан ялсаар 36 дахь түрүүгээ авлаа. Энэ түүхэн амжилтыг дахин хэд ч ахиулж чадах хүч чадал түүнд бий.
Харин NHK телевизийн түрүү бөхийн ярилцлагын үеэр сүмо бөхөд бараг гарч байгаагүй зүйл болсон.
Тачиай мөргөлдөлгүй зайлсанд эгдүүцсэн үү, нутгийн бөх Гоэйдогийн түрүүлэх замыг хаасанд уурласан уу, Осакагийн үзэгчид элдэв зүйл хашгиран, аваргыг үг хэлэхэд саад болж байлаа. NHK-гийн сэтгүүлч эвгүй байдлыг засах гэж оролдоод чадсангүй, Хакүхогийн нулимс өөрийн эрхгүй бөмбөрч, хэлэх гэсэн үгнүүдээ буцаан залгиж орхисон. Харь оронд үндэснийх нь бөхийн их аварга цолыг гуядан авч, түүхэн амжилтуудыг нь ээлж дараалан эвдэх гэдэг ийм хүнд хэцүү байдаг аж.
Ярилцлага эхлээд Хакүхо “Найман сар башёд түрүүлээгүй болохоор” гээд ярьж эхэлтэл үзэгчдийн дундаас нэгэн хүн “Зайлж ялчихаад баяртай байна уу” гэж орилсон. Их аварга ч тэр үгийг тод сонссон тул үгээ зогсоов. Сэтгүүлч Хакүхог гэмтэл авсан, эхний өдөр унасан зэрэг хүнд юм их тохиолдож байсан хэмээн ярьж байтал дахиад л “Ялж л байвал боллоо гэж бодож байна уу” гэх дуу бас хадлаа. Аварга “Осакагийн арслан Гоэйдо, Кисэносато нар тун сайн барилдлаа. Тэдний ачаар тэмцээн маш сонирхолтой болсон. Эхний өдөр өвдөг шороодсон маань харин эсрэгээр сайн эм болж өгсөн. Өнөөдрийн барилдаанд ингэж ялна гэж бодоогүй.
Зайлсандаа үзэгч олноос уучлал гуйж байна” хэмээн хүлцэл өчлөө. Гэвч сэтгэлд нь хүн чанаргүй хөгжөөн дэмжигчийн үг сэв суулгасан уу, аавынхаа рекорд амжилтыг ийм хүнд нөхцөлд давтаж чадсандаа баярлав уу, нулимс нь асгараад зогссонгүй. Сэтгүүлчийн “Аавынхаа амжилттай зэрэгцэж чадлаа” гэсэн үгэнд “36 түрүүлж, аавынхаа түрүүтэй зэрэгцэж чадлаа. 15 хоног дэмжиж байсан хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа” гээд л яриагаа дуусгасан.
“Дараагийн зорилго юу вэ” гэж асуусан ч хариулсангүй. Шагнал гардаад зогсож байхдаа ч нулимс нь асгарсаар л байлаа.
Их аварга 36 дахь түрүүгээ авснаар өмнөө тавих шинэ зорилготой болсон. Хамгийн ойрын зорилт нь 37 дахь түрүү. Ингэж байж хайрт аав, Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатынхаа амжилтыг давж гарна. Энэ бол эцэг эхийнхээ ачийн нэгээхэн хэсгийг хариулж байна гэсэн үг юм.
/ bayanbat.bayanjargal.7