УРИАНХАЙ БҮҮВЭЙ
Хаан эзнээ балчир байхад
Халтар галуу шиг ижилдсэн юм билээ чи
Халуунд халж, хүйтэнд хөрч
Хат суусан Урианхай билээ чи
Бумбалдэйний бумбалдэйн
Бүүвэлдэйний бүүвэлдэйн
Зэвнээс дальдарч үзээгүй
Зэлэм өрлөгийн хойч шүү чи
Их Монголынхоо төрд зүтгэсэн
Итгэлт Урианхайн урсгал минь
Ижий аавынхаа хайраас ургасан
Инээд хөөртэй бичхэн үр минь
Бумбалдэйний бумбалдэйн
Бүүвэлдэйний бүүвэлдэйн
Иртнээс халширч үзээгүй
Ихэс дээдсийн удам шүү чи
Урианхай гэдгээ мэдэвүүч, хөвүүн
Удам судраараа бахдаж яваарай чи
Өвөг дээдсийн амиа дэвссэн
Өрлөг түүхээрээ омогшиж яваарай чи
Бумбалдэйний бумбалдэйн
Бүүвэлдэйний бүүвэлдэйн
Дэлхийн дайдыг номхруулсан
Дэвэлтэй Сүбээдэйн удам шүү чи
Өндөр төрийнхөө алтан сүлдэнд
Өдөр бүхэн залбирч яваарай
Өөрийн бие, сэтгэл, зүтгэлээ
Өргөн түмэндээ зориулж яваарай
Бумбалдэйний бумбалдэйн
Бүүвэлдэйний бүүвэлдэйн
Зэвнээс дальдарч үзээгүй
Зэлэм өрлөгийн хойч шүү чи
Алтан дэлхийд соёрхож ирсэн
Алтайн Цастын бичхэн үр минь
Аялгуут туулиа хайлж л яваарай
Алтан товшуураа өвлөж сураарай
Бумбалдэйний бумбалдэйн
Бүүвэлдэйний бүүвэлдэйн